Эртний монголчууд хуримын үеэр баримтлах дэг жаягтай байжээ. Тухайлбал, залуу бүсгүй болон эхнэр хүний өмсөх зүүх заагтай байв.
Охид насанд хүртлээ үсээ 12-24 салаа сүлждэг бол хуримын үеэр хоёр салаа болгон туйванд хийдэг нь “Энэ бие минь хоёр боллоо” гэсэн утга бүхий. Мөн хадамд гартлаа бүс заавал бүсэлдэг байсан нь тэдний онгон, ариун байдлыг илтгэдэг байж. Баруун монголчуудын дунд хуримын үеэр сүйт бүсгүйд тусгайлан бэлтгэсэн цув өмсгөдөг ёс байв.
Эртний энэ уламжлалыг сэргээн “Монгол костюмс”, “Magic suit” компани болон “Tonak” фирмийн албан ёсны борлуулагч, бүрх малгайны “Tonak” дэлгүүрийнхэн монгол хэв маягийн хуримын хувцасны үзүүлбэрийг “Монгол костюмс” төвд зохион байгууллаа.
…Хуримын даашинзаар гоёсон охидын томоогүй, гэнэхэн байдалтай нь цагаан өнгө гойд зохицжээ.
Бас үндэсний хэв маягийг шингээсэн болоод ч тэр үү монгол бүсгүйчүүдийн намба төрхийг илтгэх аж. Тухайлбал, даашинзны зах гэхэд монгол дээлийнх. Мөн хормойн дээр үндэсний хээ угалзыг шигтгэж өгснөөр хэн ч харсан монгол гэж танигдахаар болж. Эдгээр алтлаг өнгийн хээг дагуулан сувд хатгажээ. Энэ бол дорно дахины ард түмний чимэглэх урлагийн нэг хэлбэр юм.
Халх эхнэр дээлний онцлог болох төвгөр мөр европ хувцсан дээр их сонирхолтой шийдэл болсон санагдана. Бас дээлний гадуурх ууж. Монгол эмэгтэйчүүд бүсээ тайлж, эр нөхөртөө биеэ өгсний илэрхийлэл болгож энэ хувцсыг өмсдөг байв.
Эртний хатдын эрхэмсэг байдлаас үүдэн бортогон малгай үүссэн гэдэг. Энэ малгайг өмссөн хүн хэр барагтай бол бөхийж болохгүйгээс гадна хэн бүхнээс өндөр байдаг онцлогтой. Сүйт бүсгүйн өмссөн малгай энэ хэв шинжийг агуулсан байлаа.
Хацрын унжуурга эмэгтэй хүнийг үзэсгэлэнтэй харагдуулахаас гадна нүүрний хэлбэрийг засаж өгдөг сайн талтайг ч мөн бодолцжээ.
Малгайн оройн хэсгийг алтлаг өнгийн утсаар ороосноос гадна хоёр талд нь сувдан унжуурга зүүсэн нь бүсгүйчүүдийг маш гоёмсог харагдуулж байв. Мөн цагаан бүрх малгайг монгол энгэртэй даашинзтай хослуулсан нь маш оновчтой сонголт байсан. Хувцасны хэв маяг “глобалчлагдаж” байгааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч буйг энэ загвар батална.
Дээл болон даашинзны энгэр, хормойг цацаг, тор, сүлжмэлээр донжийг нь тааруулж чимэглэнэ гэдэг загвар зохион бүтээгчийн ур чадварыг давхар шалгасан хэрэг байсан болов уу. Энд ирсэн манай нэртэй, загвар зохион бүтээгчид үүнийг илүү үнэлж байсан.
“Miss international” тэмцээний “Фото мисс” өргөмжлөлт Ч.Содтуяатай уулзав. Тэрбээр дээр дурдсан загваруудыг зохион бүтээсэн юм.
-Их сайхан загвар болжээ. Чамайг загвар өмсдөг гэж мэдэхээс зохион бүтээдэг гэж санасангүй…
-Баярлалаа. Арван жилд байхдаа өсвөрийн загвар зохион бүтээгчдийн дугуйланд сурдаг байлаа. Мөн “Монгол костюмс” төвийн дэргэд загвар өмсөгчийн “Чимбай” агентлаг байгуулж ажилласан минь загвар зохион бүтээхэд их дөхөм болсон. Манайхан хуримдаа зориулж гол төлөв европ хувцсаар гоёдог л доо. Насан туршдаа мартахааргүй энэ сайхан өдөр баялаг уламжлалтай монгол хувцсаа өмсөж яагаад болохгүй гэж санасан минь энэ.
-Алтлаг өнгө цагаан хувцсан дээр маш гоё харагдаж байна лээ…
-Алтлаг өнгийг гол төлөв монгол элементүүдийг тодотгох маягаар шигтгэж оруулсан байгаа. Алт буян заяаг тэгшитгэж өгдөг. Үүнийг ч бас бодолцсон гэв.
Хуримын хувцасны үзэсгэлэн худалдаа “Монгол костюмс” төв дээр нэг сар үргэлжлэх юм. Төгсгөлд нь “Оюуны урлагийн бирж”-тэй хамтран дуудлага худалдаа зохион байгуулах гэнэ.
Өнөөдөр /2006.10.16/
Бичсэн: designer
|