2007-03-02 - "Чимбай" агентлагийн тэргүүн Ч.Содтуяа
Миний бие сэтгэл, мэдлэг боловсрол ямар ч тэмцээнд оролцоход бэлэн байдаг
2006-10-15
Ч.Содтуяа
|
Түүний албан тушаал, цол гуншинг бичих гэж би нэлээд бодлоо. Монголын сайхан бүсгүй, олон улсын миссийн тэмцээний шагналт, эсвэл "Гоёл" наадмын шилдэг загвар өмсөгч, загвар зохион бүтээгч, багш гээд энэ бүсгүй олон ажил эрхэлдэг, олон шагнал урамшуулалтай аж.
Тиймээс хамгийн сүүлд хийж байгаа ажил, харьяалагдаж байгаа байгууллагаар нь бичлээ. Ингээд Ч.Содтуяагийн ертөнцийг сонирхоцгооё.
- Ч.Содтуяа "Залуу модель" агентлагийн багшаар ажилладаг байсан. Гэтэл "Монгол костюмс" төвийн нүүр царай болсон харагдана. Бууриа сэлгэсний учир шалтгаан юу байв?
- "Монгол костюмс" төвийг түшиглэн "Чимбай" нэртэй загварын агентлагийг нээгээд тэргүүнээр нь ажиллаж байна. Хэдийгээр нээгдээд удаагүй ч нэлээд амжилттай явна. Манай хүүхдүүд Хятадад болсон тэмцээнээс хэд хэдэн шагналыг аваад ирлээ. Өөрийн гэсэн модельтой болж өдөр болгон "Монгол костюмс" төв дээр шоу зохион байгуулж байна. Манай захирал Б.Сувд гуай юм хийж бүтээе гэсэн залуучуудыг сайхан сэтгэлээр тусалж дэмжиж гаргаж ирдэг болохоор энэ төв байнга залуучуудаар дүүрсэн, өрнөсөн газар байдаг.
Манай агентлаг "Дэлхийд Монгол хувцсаа сурталчлах гоо охидыг бэлтгэнэ" гэсэн уриатай үйл ажиллагаагаа явуулдаг. Үндэсний хувцсыг яаж хүмүүсийн хүртээл болгох талаар гүнзгийрүүлж заадаг. Зөвхөн загвар өмсөх тайзны техник биш монгол үндэсний бүжиг, аэробек, хөгжмийн хичээл, биеэ яаж зөв авч явах, хүнтэй яаж харьцах, олон нийтэд биеэ яаж нээх талаар дотоод соёл талаас нь цогц хичээл заадаг. Хичээл бүрт өөр өөр багш ордог учраас хүүхдүүдэд илүү сонирхолтой байдаг.
- Мисс, загвар өмсөгч, загвар бүтээгч, багш гээд нэлээд олон зүйлд өөрийгөө сорьж явааг чинь харахад бахархалтай юм. Хийх гэж буй "Хуримын хувцасны шоу"-ныхаа талаар яриач?
- Би өнгөрсөн жил санхүү эдийн засгийн менежментийн магистрыг төгссөн хэдий ч энэ үндсэн мэргэжлээрээ ажилласангүй. Гэхдээ өдөр тутмын амьдралд мэргэжил маань их тусалдаг. Одоохондоо "Монгол хурим" шоунд бэлдээд хэд хоног маш завгүй байлаа. Миний зохион бүтээсэн 20 хуримын даашинз орж байгаа. Урьд нь Овдогмэдийн загварын шоу болсон учраас зарим хувцас нь тэнд үзмэр маягаар өлгөөтэй байна. Миний загварын шоу гэсэн утгаараа "Чимбай" агентлагийн загвар өмсөгчид өмсөнө. Сүүлийн үед хүмүүс хуримын ёслолдоо дандаа европ загварын цагаан платье өмсдөг болсон. Тиймээс Монгол үндэсний хэв маягийг агуулсан хуримын цагаан өнгөтэй, миний имиж болох алтлаг чимэглэлтэй хуримын даашинз хийлээ. Хамгийн гол нь материал дээр нь илүү анхаарсан. Материал сайтай, сайхан даашинзнууд болсон.
- Өөрийг чинь "Мисс Интернешнл"-д Монголынхоо нэрийг гаргаад шагналт байранд ороод ирснийг чинь хүмүүс мэдэж байгаа. Ахиад улсаа төлөөлөн олон улсын миссийн тэмцээн уралдаанд оролцох бодол байна уу?
- Би "Гоёл" наадмаас шилдэг загвар өмсөгч болж, Мисс Интернешнлээс "Мисс Фото Женек" шагналыг аваад, шилдэг 15-д багтаад тайзан дээр үг хэлэх завшаан олдсон. Энэ бүхэн надад хангалттай. Гэхдээ надад таалагдсан олон улсын хэмжээний тэмцээнд оролцооч гэсэн санал ирээд боломж нөхцөл нь бүрдвэл мэдээж татгалзахгүй. Би өөрийнхөө бие бялдар, сэтгэл санааг байнгын бэлэн байдалд байлгадаг. Шавь нараасаа ч үүнийг байнга шаарддаг. Ямарваа нэг том боломж гарахад өөрийнхөө мэдлэг чадвар, хэлний мэдлэг, бэлтгэлгүй байдлаасаа болоод боломжоо алдах вий гэж захидаг.
Миссийн тэмцээнд голдуу арван жилийн охид улсаа төлөөлөн явж байгаа нь учир дутагдалтай санагддаг. Улсын нүүр царай болж байгаа учраас дээд сургууль төгссөн мэдлэг боловсролтой, хаана ч эвгүй байдлаас биеэ зөв аваад гарах чадвартай байх ёстой. Саяхан олон улсын тэмцээнд оролцсон манай мисс охин өрөөнийхөө охинтой муудалцаж зурагтны удирдлага шидсэнээс болоод өрөөгөө солиулсан явдал гарсан. Яаж ч хүнтэй муудалцаж, тэр хүн нь ямар ч муухай ааш гаргаж байсан олон улсын тэмцээнд улсаа төлөөлж яваа хүн ёс суртахууны доголдол гаргаж болохгүй. Тэгэхээр насны хувьд арай багадаад байгаа юм болов уу гэж бодсон. Тиймээс тодорхой хэмжээгээр боловсорсон, 20-24 насны хүүхнүүд оролцвол тэд шүүгчдийн нүдэнд яаж илүү өртөх вэ гэдгээ ч мэдэх учраас амжилт авчрах нь илүү болов уу гэж бодож байна.
- Нууц биш бол өөрийн чинь ойрын үед хийхээр төлөвлөсөн томоохон төлөвлөгеө юу байна. 30 настай Ч.Содтуяатай уулзахад юу хийж бүтээсэн байх бол?
- Ойрын хугацааны томоохон төлөвлөгөө гэвэл гадагшаа явж сургуульд суралцаж, мэдлэг чадвараа дээшлүүлнэ. Загвар зохион бүтээх гэдэг миний хобби. Тиймээс би хоббигоо мэргэжил болгож гадаадад суралцах төлөвлөгөөтэй байна. Тэр цагт загвар зохион бүтээгчээр дагнаж ажиллаж, эх орондоо өөрийн авьяас чадвараа зориулан, хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, жаахан ч гэсэн тус нэмэр болж чадвал иргэн миний үүрэг юм. 30 нас хүрэхэд хөөрхөн үр хүүхэдтэй, сайн ханьтай, сайхан гэр бүлтэй л болсон байна. Түүнийгээ цогцлоохын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Сайхан гэр бүл гэдэг хүний жаргал юм.
- Сайхан хүүхний цуглуулга гэхээр хүмүүсийн сонирхлыг татсан зүйлс байдаг байх. Хамгийн их цаг зав, мөнгө хөрөнгөө зарцуулдаг зүйл чинь юу байна?
- Би олон үндэстэн ястны хувцастай хүүхэлдэй цуглуулах дуртай. Мөн хамгийн их мөнгө үрж авдаг зүйл бол материал. Гоё материал хараад авахгүй ангөрч чаддаггүй. Хийж амжихгүй ч цуглуулсаар одоо гэрээр дүүрэн л материал болж байна. Материалын шуналтай болсон гэх үү дээ. Өөрөө хувцас зохион бүтээх дуртай болохоор тэр үү надад их гоё санагддаг. Харин ихэнх цаг заваа загварт зориулдаг. Мэдээж эмэгтэй хүн учраас өдөр тутамдаа гоо сайхандаа цаг гаргана. Эрүүл мэнд, бие галбираа хадгалахын тулд спорт, усан бассейн, фитнессээр хичээллэдэг.
- Дэлхийн тавцанд нэрээ гаргасан алдартай топ модель, загвар өмсөгч, загвар зохион бүтээгч болох юмсан. Өөрийн зохион бүтээсэн юм уу, өмсдөг хувцсаараа үзэсгэлэн гаргах мөрөөдөл байдаг биз?
- Хүний мөрөөдөл хязгааргүй шүү дээ. Би үргэлж олон зүйлийг мөрөөдөж явдаг. Сайн хань, хөөрхөн хүүхэдтэй болох, өөрийн нэрийн брэндийн хувцас загварын салонтой, гоо сайхны төв цогцолбортой болохыг хүсдэг. Мөрөөдөл том байх тусам хүрэх зам цаашаа өгсөж дэвшдэг. Тиймээс мэдээж дэлхийд танигдсан топ модель, загвар өмсөгч, алдартай загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг.
Би өөрийн зохион бүтээсэн хувцсаа зардаггүйн учир нь бүх хувцсаа цуглуулж байгаад хэзээ нэгэн цагт том үзэсгэлэн, худалдаа гаргая гэж бодож байгаа. Гэхдээ заавал өөрийн том шоу, үзэсгэлэнгээ хийх болно. Үүний тулд би мэргэжлийн хүн болж боловсрох хэрэгтэй байна.
Гэрт миний өмсдөг хувцас шкафандаа багтахаа больсон. Гарт ойр байгаа хувцаснуудаа сольж өмсөөд л зарим хувцсаа мартчихсан байдаг. Хааяа шүүгээгээ цэгцэлж янзлахдаа ийм хувцас байдаг билүү гэж хардаг юм. Тиймээс өөрийн хувцасны өрөөтэй больё гэж бодож байгаа. Өөрөө загвараа зохиодог болохоор ямар нэг тэмцээн уралдаанд оролцохдоо хэзээ ч хувцас прокат үзээгүй. Өөртөө зориулж загвар зохиож шинэ хувцас өмсөж байсан учраас хийморьтой оролцдог байсан болов уу гэж боддог.
- Мисс, загвар өмсөгч бусгүй маань дэлгэцийн урлагт бас дүрээ мөнхлөөд байгаа сураг дуулдсан. Ямар киноны ямар дүрд хүчээ сорив?
- Өнгөрсөн жил Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан Чингис хааны тухай баримтат кинонд Бөртэ хатны дүрийг бүтээсэн. Миний хувьд ахадсан дүр байсан ч сайн жүжигчид найруулагчийн дэмжлэгтэй тоглож чадсан. Гэхдээ тухайн дүр нь тайван амгалан, ухаалаг хүн байсан учраас надад арай дөхөм байсан. Харин энэ зун Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Жигжидсүрэн найруулагчийн 2 ангит уран сайхны киноны Пагмадуламын дүрд тоглох санал тавьсан. Гэхдээ надад арай илүү тохирох нь Алтанзул гэдэг эмэгтэйн дүр байсан болохоор тоглосон. Кино хийнэ гэдэг олон хүний хүч хөдөлмөр шингэсэн нүсэр ажил юм гэдгийг би ойлгодог болсон.
Х.Мөнхжаргал
http://www.news.banjig.net/Бичсэн: designer
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
|