Энэ удаагийн “Алаг шагай”-н зочноор Монголын үндэстний хувцас судлалын академи, “Монгол костюмс” төвийн гүйцэтгэх захирал, загвар зохион бүтээгч, доктор Б.Сувдыг урилаа. Тухайн жилийн хувцасны загварыг тодорхойлдог “Гоёл”, наадам болон Дизайнеруудын холбоог үүсгэн байгуулагч тэрбээр Монголын загварын ертөнцөд өөрийн хувь нэмрийг оруулахын төлөө зүтгэж яваа нэгэн юм.
Загварын чиг хандлага Ази уруу чиглээд байна
-Өнгөрсөн сард Германд монгол хувцасны үзэсгэлэн нээгдсэн. Таныг энэ үзэсгэлэнгийн нээлтэд оролцоод ирсэн гэж сонслоо. Явсан газрын сонин хачнаас яриагаа эхлэе гэж бодлоо?
-Өнгөрөгч сарын 25-нд Германы Берлин хотод “Загварын ертөнц-Монгол Улс” үзэсгэлэн нээгдсэн. Германы гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн доктор Варбара Барш өнгөрсөн өвөл Монголд ирж, “Гоёл-2006″-г сонирхсон юм. Мөн энэ зун болсон 800 жилийн ойн “Үндэсний хувцасны өдрүүд” арга хэмжээг сонирхож байхдаа манай үндэсний хувцасны үзэсгэлэнг Германд сонирхуулъя гэж бодсон юм билээ. Тиймээс энэ арга хэмжээг жилийн өмнөөс төлөвлөсөн байсан. Ингээд “Монгол костюмс” болоод дизайнер Н.Соёлмаа, Э.Энхчимэг, С.Оюунбилэг, Д.Овдогмид нарыг сонгож, үзэсгэлэнгийн нээлтэд урьсан юм.
-Монголын үндэсний хувцсыг хэрхэн хүлээж авч байх юм?
-Энэ нь Монголын загварын ертөнцийг сурталчилж буй анхны арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Германчууд монголчуудыг хөдөө аж ахуйн орон гэдгээр нь мэдэхээс биш эртний түүх соёл, өв уламжлалтай, хувцасны өндөр соёлтой ард түмэн гэж төсөөлөөгүй байсан юм билээ. Монгол хувцас байтугай монгол хүмүүс, монгол орны тухай мэдээлэл багатай байсан. Энэ үзэсгэлэн гарснаар тэдний бодол өөрчлөгдсөн гэдэгт итгэлтэй байна. Мөн монгол хийц бүхий орчин үеийн хувцаснуудыг маш их сонирхож, худалдаж авах санал тавьж байсан шүү. Ер нь орчин үеийн элемент шингэсэн үндэсний хувцасны зах зээл Германд төдийгүй Европт байна гэдгийг мэдэрсэн.
-Загварын ертөнц Ази уруу чиглэж байгаа гэж үнэн үү?
-Үнэн шүү. Тэр дундаа монгол элемент бүхий өргөн ханцуй, нударга, эмжээр, ташуу энгэр, шилбэ, товч гадны загвар зохион бүтээгчдийн анхаарлыг маш их татаж байна.
-Үзэсгэлэн одоо ч үргэлжилсээр байгаа гэл үү?
-Гуравдугаар сарын 28 хүртэл Берлинд, дөрөвдүгээр сарын 1-6-нд Штутгард хотноо үргэлжилнэ. Харин дараа нь Швед, Голланд, Франц, Японд энэ үзэсгэлэнгээ гаргаж, үндэсний хувцсаа дэлхийд сурталчлах бодолтой байна.
Загварын чиглэлээр Монголдоо анх удаа докторын зэрэг хамгаалсан
-Загварын ертөнц юугаараа таны сонирхлыг тэгтлээ татав аа?
-Хүүхэд байхаасаа л энэ мэргэжилд дуртай болсон. 1980 онд Киевийн Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Монголын загварын ертөнцөд өөрийн хувь нэмрийг оруулсаар явна даа.
-Үндэсний хувцасны төрлөөр докторын зэрэг хамгаалсан гэл үү?
-Би гэр бүлийнхнийхээ хамт 10 гаруй жил Чехт амьдарсан. Энэ хугацаандаа өөрийн төгссөн сургуульд “Монголын хувцасны элементийг тусгасан орчин үеийн хувцасны загвар зохион бүтээлтийг боловсронгуй болгох нь” сэдвээр загвар зохион бүтээгчдээс анх удаа докторын зэрэг хамгаалсан.
-Хувцасны загварыг тодорхойлдог “Гоёл” наадмыг санаачилсан тухайд?
-1988 онд анх “Гоёл”-ыг санаачлан зохион байгуулж байлаа. Үүнээс хойш 18 жил өнгөрчихөж. Мөн 1990 онд Монголын дизайнеруудын холбоог үүсгэн байгуулж, хоёр жил орчим ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажилласан.
-”Гоёл” наадмыг хэчнээн жил зохион байгуулсан бэ?
-Дөрвөн жил.
-Одоогийн “Гоёл” наадмын талаархи таны сэтгэгдлийг сонсмоор байна. Хүмүүс их шүүмжлэлтэй ханддаг болсон байна билээ?
-Санаачлан зохион байгуулсан наадмыг маань өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсээр яваа хүмүүст талархлаа илэрхийлмээр байна. Шүүмжлэлийн тухайд надад ч мөн адил хэлэх зүйл байна. Өнгөрсөн 18 жилийн дотор “Гоёл” наадамд онцын өөрчлөлт орсонгүй. Уран бүтээлчдийн бүтэн жилийн хөдөлмөрийг гуравхан өдрийн дотор шүүнэ гэж ч юу байхав дээ. Тухайн загвар зохион бүтээгч тухайн жилд хэдэн удаа загварын шоу зохион байгуулсан, ямар тэмцээн, уралдаанд амжилттай оролцсон гэхчлэн олон үзүүлэлтийг харгалзан үзэх ёстой гэж бодож байна. Номинациуд дээр анхаарч, зарчмын өөрчлөлтүүд хийх цаг нь болсон гэдгийг дизайнеруудын холбоо цаашдын ажилдаа тусгаасай гэж бодож байна.
-Зарим загвар зохион бүтээгч “Гоёл”-д орохын тулд л бүтээлээ хийдэг гэсэн яриа байдаг?
-Энэ бол байж болшгүй асуудал. Загвар зохион бүтээгч шагналын төлөө бус өөрсдийн хүсэл сонирхлын дагуу л бүтээлээ хийх ёстой.
Монголын соёлыг дэлхийд сурталчилна
-Үндэстний хувцас судлалын академийг байгуулах санаа хэдийд төрөв өө?
-Үндэстний хувцас судлалын академийг байгуулаад гурван жил болж байна. Монголчуудын эрт дээр үеэс өнөөг хүртэл эдэлж, хэрэглэж ирсэн үндэсний хувцас хэмээх түүхэн үнэт соёлын өвөө судлах, судалгаа шинжилгээний ажил хийх, үндэсний хувцсыг ард нийтийн өргөн хэрэглээ болгох, орчин үеийн чиг хандлагад тохируулан загвар хэв маягийг боловсронгуй болгох, олон улсад сурталчлах зэргийг гол чиглэлээ болгон ажиллаж байна.
-”Их Монгол 800″ ойн хүрээнд хэр их ажил амжуулав. Өөрөөр хэлбэл, үндэсний хувцсаа хэр амжилттай сурталчлав даа?
-Ойн хүрээнд олон ажил зохион байгуулсан. Эдгээрээс хамгийн дорвитой нь монгол үндэсний хувцсаа “Дэлхийн шилдэг үндэсний хувцас” болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан явдал юм.
-Сүүлийн жилүүдэд манай ард түмэн үндэсний хувцсаа өмсч хэрэглэх нь ихэсч байна шүү?
-Монгол дээлийг зөвхөн хөдөөгийн малчид л өмсдөг гэсэн ойлголтыг халж, хот хөдөөгүй хэрэглэж, үндэсний бахархал болон сэргээж байгаад баяртай байна. Ялангуяа бөхчүүд, уяачид, урлаг соёлынхон үлгэр дуурайл үзүүлэн, үндэснийхээ хувцсыг өмсч хэрэглэдэг болж байна.
-Үндэсний хувцасны баярыг зохион байгуулах болсон нь үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх даа?
-Бөхийн холбоотой хамтран үндэсний хувцсаа сурталчлах зорилгоор өнгөрсөн жилээс эхлэн Монголын цагаан сарын өмнө уламжлал болгон зохион байгуулдаг болоод байна. Өнгөрсөн лхагва гарагт болсон баярын өдөр олон үндэстэн, ястны хувцас, үндэсний хувцасны шийдлийг агуулсан өдөр тутмын, гоёлын хувцасны үзүүлбэрийг олны хүртээл болгосон. Мөн энэ өдөр би “Отгонтэнгэр” дээд сургуулийн хүндэт профессор цолыг хүртлээ. Манай академи тус сургуультай хамтран ажиллаад гурван жил болж байгаа юм л даа. Ер нь хамтарч ажилладаг байгууллагуудтайгаа цаашид олон дорвитой зүйлийг хийнэ гэж боддог.
-Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй хэд хэдэн хүнд одон гардуулсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Бөхчүүд үндэсний хувцсаа их сайхан өмсч хэрэглэдэг. Тэдний дундаас Б.Бат-Эрдэнэ аваргыг тухайн жилийн үндэсний хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлдог гэж би боддог. Аварга маань монгол хувцсаа дээдэлж, сайхан өмсч, ард олондоо сурталчилдаг. Тиймээс ч үндэсний хувцсыг дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үндэслэж, Үндэстний хувцас судлалын академийн тэргүүлэгчдийн тэргүүн дэд шагнал болох “Эрдэнийн гуу” алтан одонг гардуулсан. Мөн үйлдвэрлэл, сургалт, судалгааны чиглэлээр гаргасан амжилтыг нь үндэслэж, загвар зохион бүтээгч, доктор, профессор бас шагнал Дунгаамаад олгосон. Түүнчлэн “Шилдэг үндэсний хувцас” өргөмжлөлийг дэлхийн томоохон тэмцээнээс эх орондоо авчирсан топ модель Б.Гантогоод ч энэ одонг гардуулсан. Цаашид жил бүр”Эрдэнийн гуу” одонг гардуулах болно. Ташрамд сонирхуулахад, бид тун удахгүй Ерөнхийлөгчид уриалга өргөн барих төлөвлөгөөтэй байгаа.
-Ямар учиртай уриалга юм бэ?
-Цагаан сарын шинийн 1-3-ний өдрүүдэд улс даяар үндэсний хувцсаа өмсөн золгож, баярлаж байя гэсэн утгатай уриалга байгаа юм. Даяарчлагдаж буй өнөө үед соёлын үнэт өв болсон үндэсний хувцсаа бүх нийтээрээ өмсөх нь хамгийн тохиромжтой гэж бодож байна.
Иж бүрнээр нь их захиалдаг болсон
-Баярын үеэр танайх их захиалгатай байдаг биз?
-Наадам, цагаан сараар захиалгад дарагддаг шүү. Сүүлийн үед хүмүүс үндэсний хувцсыг дээл, хантааз, малгай, гутал, гоёл чимэглэл гээд иж бүрнээр нь захиалах болж.
-Гадагшаа явж буй хүмүүс захиалга их өгдөг гэл үү?
-Оюутнууд, хурал цуглаанд явж буй хүмүүс захиалга их өгдөг. Гэхдээ ихэвчлэн үндэсний хэв маягт оруулсан хантааз, цамц захиалдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Оюун гадагшаа явах бүртээ гоёмсог хантааз захиалж хийлгэдэг. Ер нь монголчууд маань үндэсний хувсаараа гангарах, бахархах хандлагатай болж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг шүү.
-Залууст зориулсан олон загвар хийж байна уу. Ингэхэд танайх хэчнээн загвар зохион бүтээгчтэй вэ?
-Таван дизайнер ажиллаж байна. Саяхан манай загвар зохион бүтээгчид “Хүрээ-залуус” коллекци бүтээсэн нь олны сонирхлыг ихэд татаж байна. Сонирхуулж хэлэхэд, бид Монголын телевизүүдийн холбоотой cap шинийн өдрүүдэд хамтран ажиллах гэж байна. Хөтлөгчдийн хувцсыг бид хариуцах болохоор cap шинийн үеэр жинхэнэ монгол дүр төрхийг телевизийн дэлгэцээр харах боломжтой. Бидний хувьд эхний ээлжинд монгол үндэсний хувцсаа эх орондоо, дараа нь дэлхийн хэмжээнд сурталчлах бодолтой байна.
-”Fashion today” нэртэй сонинтой болсон гэл үү?
-Монгол хувцасны загварын чиг хандлагыг тодорхойлох зорилготой сонин байгаа юм.
-Ингэхэд загварын хувцас хэдэн төгрөгөөр бүтэж байна вэ?
-Хамгийн дээд тал нь 140 мянган төгрөгт багтдаг.
-Үндэсний хувцасны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бусад салонуудын талаар ямар бодолтой явдаг вэ?
-”Торго”, “Шилмэл загвар”, “Имиж” гээд олон салон байна. Бидний хувьд хоорондоо өрсөлдөөд байдаггүй. Харин ч ийм газрууд олон байгаасай л гэж боддог.
Хувцсаа гутаачих байх гэж айдаг
-Ингэхэд өөрөө үндэсний хувцсаа их өмсөнө биз?
-Өмсөх дуртай. Өмсвөл иж бүрнээр нь өмсдөг. Гэхдээ заримдаа бага зэрэг халшраад байдаг юм.
-Яагаад?
-Тэр сайхан хувцсыг буруу өмсч гутаачих байх гэж айдаг. Монгол хувцсыг их сайхан өмсдөг хүмүүс байдаг шүү.
-Тухайлбал?
-ДБЭТ-ын оёдолчин Лхагва эгч үнэхээр сайхан дээл оёдог, бас хувцсаа сайхан өмсдөг. Мөн УИХ-ын гишүүн Т.Ганди, аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ гээд үндэснийхээ хувцсыг их сайхан эдэлж, хэрэглэдэг хүмүүс олон бий.
-Cap шинийн хувцсаа хийлгэсэн олны танил хүмүүс байна уу?
-АЖ Ч.Мөнхшүр монгол дээл, хантааз хийлгэж байгаа. Хөх өнгийн хослол захиалсан. Ер нь хантааз эмэгтэй хүнийг их гоё цэгцтэй харагдуулдаг. Мөн топ модель Б.Гантогоо “Хүрээ хүүхнүүд” коллекцийн шинэ загвараар гоёно гэсэн. Мөн Кекүшюзан Д.Батбаяр гоёлын дээл болон монгол цамц, өмд хийлгэж байгаа. 15 жил кимоно өмслөө, одоо үндэсний хувцсаа өмсье гэж Кекүшюзан маань ярьж байсан. Энэ том хүн манайхаар үйлчлүүлж байгаад бид их баяртай байгаа.
Сайхан хувцасны хүчинд л гарч ирсэн шүү дээ
-Мисс Гантогоо “Дэлхийн шилдэг үндэсний хувцас” шагналыг авчрахдаа танай төвийн хувцсыг өмссөн үү?
-Манай хувцаснаас өмссөн. Мөн загвар зохион бүтээгч Н.Соёлмаагийн хувцсыг ч өмссөн. Анхны нэр хүндтэй шагналыг эх орондоо авчирсанд нь ихэд билэгшээсэн. Б.Гантогоогийн хувьд их ухаалаг охин байна лээ. Түүний “Энэ бол миний гавьяа биш. Монголын ард түмний соёлын өв болсон сайхан хувцсаар гоёсны минь гавьяа” гэсэн үг надад их таалагдсан. Энэ охиныг үнэхээр Монгол хувцас л төрүүлсэн шүү дээ.
-Загвар өмсөгчид нэрд гараад ирэхээрээ загвар зохион бүтээгчдээ мартчихдаг гэсэн яриа байдаг?
-Энэ ч үнэний хувьтай шүү. Нэртэй загвар өмсөгчдийг олон уран бүтээлч нийлж, олны танил болгон төрүүлдэг. Түүнээс загвар өмсөгчид өөрсдөө төрдөггүй л байхгүй юу.
-Мэргэжлийн хүний хувьд Монголын загварын чиг хандлага болоод загвар зохион бүтээгчдийн талаар ямар бодолтой явдаг вэ?
-Бидний үетэй харьцуулахад өнөөдөр их зүйл өөрчлөгдөж. Тухайн үед мэдээлэл хомс, ганц нэг загварын сэтгүүл л олддог байлаа. Гэтэл өнөөдөр мэдээллийг ямар ч сувгаар олох боломж нээлттэй байна. Өөрөөр хэлбэл, залуу загвар зохион бүтээгчдэд асар их боломж байна.
Дээр нь монголчуудад заяасан гоо зүйн мэдрэмж, мэдээллийг тусгаж авах чадвар байна. Энэ бүгдтэй уялдаад сайн загвар зохион бүтээгчид олширлоо. Аливаад хаагдаж боогдолгүй чөлөөтэй ажиллаж байгаа учир дэлхийн загварын ертөнцөд цойлон гарч ирэх боломж их бий. Дээрх давуу талуудаа ашиглавал биднийг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэдэг.
Зөвхөн тухайн хүнд зориулан бүтээдгээрээ онцлогтой
-Ингэхэд монгол хувцасны гол онцлогийг тодорхойлохгүй юу?
-Монгол үндэсний хувцас бол тэр аяараа урлагийн бүтээл. Мөн зөвхөн тухайн хүнд зориулан бүтээдгээрээ онцлогтой. Монгол угсаатан олон арван жарныг туулан, монгол сэтгэц монгол төрхөө хадгалан үндэсний нэгэн билэг тэмдгийг уламжлан ирсэн нь монгол хувцас юм шүү дээ. Үндэсний хувцас нь монгол орны эрс тэс цаг уур, нүүдэлчин байдал, жилийн дөрвөн улирлын онцлогт нэн зохицсон байдаг. Халуунд халууцуулахгүй халхавч, хүйтэн сэрүүнд дулаан илчтэйгээс гадна хучлага болдог өвөрмөц талтай.
-Үндэсний хувцасны гол материал нь торго байх аа?
-Торго бол өөрөө гоёлын тансаг материал. Өнгө, хээ гээд маш өргөн сонголттой.
Эрт үед Монголын их хаад, хатадад зориулан торго дурданг урладаг байсан юм билээ. Ингэхдээ торгоны хээг алт, мөнгөн утсаар хослуулан хатгаж, эрдэнийн чулуу шигтгэн, олон давхар эмжээр даран оёдог байж.
-Үндэсний хувцсаар нь улс орны тухай олон зүйлийг хэлж болдог гэлцдэг?
-Бидний өвөг дээдэс дээл хувцсандаа олон зүйл, мөн чанарыг шингээн үлдээсэн байдаг. Мөн өөрсдийнхөө түүхийг ч бүтээж үлдээснийг хувцасны таван овоо, төрийн есөн эрдэнийн билэгдлээс харж болно. Монголчуудын хар хилэн малгайнаас л гэхэд тухайн цаг үеийн түүхийг мэдэх боломжтой.
-Дээлийг анх зохиохдоо хүний эрүүл мэндэд их анхаарсан юм шиг санагддаг?
-Монгол хүний эрүүл мэнд, биеийн онцлогт нийцэхээр хийсэн байдаг. Тухайлбал, цээж рүү салхи үлээхээс хамгаалсан зөрдөг энгэртэй, бүс бүсэлсний дараа юм өвөртлөхөд зориулсан халаасны үүрэг гүйцэтгэдэг.
Р.Сарангэрэл
2007.02.9 Монголын мэдээ Бичсэн: designer
|