Удаан хүлээлгэсэн топ моделиуд эргэж ирлээЖигдхэн хувцасласан 18 бүсгүй цоглог аянд бүжиглэн 2007 оны “Гоёл” наадам эхэллээ. Ноднингийн тайз ягаан өнгөтэй бол энэ жилийнх цав цагаан байлаа. Гэхдээ энэ жилийн наадмын гол сюрприз тайз чимэглэл бус харин загварын ертөнцийн тайзнаа эргэн ирсэн зургаан топ модель байлаа. Болормаа, Цолмон, Одгэрэл, Туяацэцэг гээд монголын нүүр царай болж байсан, шилдгийн шилдэг загвар өмсөгчид. Үзэгчид ч тэднийгээ үгүйлж тэд ч тайзаа санажээ. Нижигнэсэн алга ташилтан дунд топ моделиуд цувран гарч ирлээ. Гэсэн ч эхэнд нь Болормаа бус Одгэрэл буйд олон хүн гайхсан биз. Харин араас нь Болороо, Цолмон, Туяацэцэг, Пүрэвсүрэн удаалсан.
Наадмыг телевизийн хоёр хөтлөгч Чимгээ, Гантулга нар хөтлөв. Загварын наадмын хөтлөгчид маань үнэхээр нүдэнд тусахаар хувцасласан агаад Чимгээд том сувдан хэлхээтэй бүсээр чимэглэсэн хар даашинз нь их зохисон бол Гантулга тод улаан өнгийн пиджакаар гангарсан байв.
Ингээд Гоёл-2007-гийн статистикээс багахан дурдъя. Нийт 20 байгууллага 30 гаруй дизайнер оролцож бүтээлээ танилцуулжээ. Тэдний бүтээсэн бас урласан хувцасыг нийт үзэгчид шүүгчдэд хүргэхээр 70 гаруй загвар өмсөгчид ажиллаж. Бас гадаадын буюу гурван орос загвар өмсөгч бүсгүй байлаа. Хамгийн сүүлийн буюу төгсгөлийн өдөр загвар өмсөгчид маань дунджаар 5-6 гараа хийжээ. Арын албанд буюу нүүр будалт үс засалтанд арав гаруй гоо сайханч, үсчид цуцалтгүй хөдөлмөрлөсөн гэнэ.
Наадмын салхийг мэдээж Шилмэл загвар компанийнхан хагаллаа. Гол зохион байгуулагч нь бас дээр нь оролцож буй ихэнх дизайнер моделиуд тэднийх. Дизайнер Баярзул, Уянга нарын загварын дараа Батзогсоол, Болормаа нарын үндэсний хувцасны “Хан хөхий” коллекцыг үзүүллээ. “Хан хөхий” гэдэг нь ерөнхий ивээн тэтгэгч “Увс хүнс” компанийн брэнд бүтээгдэхүүний нэг. Их монгол 800-гийн уур амьсгал бүрэн шингэж монгол хатдын эрхэмсэг төгөлдөр шинжийг илтгэсэн хувцсыг топ модель Болормаа, Одгэрэл нар намбалаг ихэмсэг төрхөөрөө ёстой нэг амилуулсан. Энэ бүтээлээрээ дизайнер Бат-Зогсоол үндэсний хувцасны шилдэг загварын шагнал авсан. Дизайнер Нямцэцэг, Очирсүх хоёрын авангарьд загвар нь үндсэндээ цагаан өнгийг голчилсон байлаа. Цэцэгсээр чимэглэсэн бас хүсэл тэмүүлэл шингэсэн даашинзнууд нь испани стилийг санагдуулж загвар өмсөгчдийн дундаас топ модель Болормаа гал цогтой бас ихэмсэг бардам испани бүсгүй шиг харагдаж байв. Ер нь энэ жилийн дизайнерууд нэг өнгийг суурь болгон сонгон авсан мэт санагдсан. Дизайнер Эрдэнэтуяагийн “Эрдэнэсийн хэлхээ” гоёлын загвар голдуу ногоон өнгөтэй бол “Амно” компанийн Ундрах, Ганзориг нар улааныг санал болгов. “Алтай кашмер”-н “Лиш” загвар шар өнгийг барьсан нь тод харагдаж байлаа. Ийнхүү гоөлын өдөр тутмын чөлөөт, авангард гэх мэт чиглэлээр загварууд хөвөрсөөр байв. Гоёлын төрөлд голдуу эмэгтэй хүний гоо сайхан төгс төгөлдөр басхүү энхрий ялдам төрхийг гаргахыг эрхэмлэж байсан бол өдөр тутмын чөлөөт загварууд биед эвтэйхэн хөнгөхөн гэсэн тодотголтой байв. Мөн хувцас гэхээсээ урлагийн бүтээл гэмээр загварууд ч гарч ирж байлаа. Дизайнер дархан хоёр хамтарч загвар хийж болдгийг Монгол Солонгосын хамтарсан коллежийн дизайнер Мижиддорж, дархан Ганбаяр нар харуулав. Уг загварын монгол эмэгтэйн малгайн чимэглэл унжлага зэргийг бүгдийг нь монгол дархны аргаар хийсэн аж. Тэд энэ загвараараа уран сэтгэмжийн шагнал авсан. Дизайнер Гэрэлмаагийн “Элегант” загварт цагаан даашинзуудад хар өнгийн чулуу, мөнгөлөг чимэглэл шигтгэж өгсөн нь тун гайхалтай харагдаж байв. УЭДС-ийн Энхжаргалын “Инээмсэглэл” загвараар бол ирэх жилийн хавар намар цүнх юм уу гуталтайгаа өнгө хосолсон урт ороолтоороо гангарах юм. Говь компанийнхан уламжлалт ноолууран эдлэлээсээ гадна ан амьтны зурагтай эрэгтэй ноолууран цамцуудыг үзэгчдэд танилцуулав. Тод өнгийн зурагтай цамцан дээрээ бас л ороолтоор гоёх юм байна.
Ton моделиуд топ гэдгээ тайзан дээр ч тайзны ард ч харуулж чадлаа. Тэдний алхаа гишгээ, биеэ авч явах байдал, өөртөө итгэлтэй байгаа зэрэг нь “шинэков”-уудаас эрс ялгаатай байсан. Ялангуяа имиджээ эрс өөрчилж чадсан өнгөрсөн жилийн топ модель Пүрэвсүрэн хараа булааж байлаа.Түүний шинэхэн гадаад төрх нь энэ наадмын содон зүйлийн нэг яах аргагүй мөн байв. Хөшигний ард ч арын албаныхан тэдэнд хэлж үйлчилж байсан гэх бөгөөд гоё загваруудыг эгч нартай булаацалдах зоригтон байгаагүй юм байх. Ингээд гурван цаг үргэлжилсэн шоуны эцэст шүүгчид шилдгүүдийг тодруулахад “Гоёл” наадмаас өмнө энд тэнд нисэж явсан “шум”-нууд батлагдах нь тэр. Өнгөрсөн намар Солонгост болсон загвар өмсөгчдийн уралдаанд дээгүүр давхиж чадсан Г.Уранцэцэг шилдэг загвар өмсөгчөөр тодорлоо. Түүнийг анхны загвар өмсөгчдийн нэг Цолмонтуяагийн шавь бас алдарт уяач Пунцагбалжир агсны хүү Энхмөнхийн сүйт бүсгүй гэдгээр нь та бид мэднэ. Дэд байранд Нямсүрэн орж фото моделиор эзнээ олсон шагналыг сэтгэл татам инээмсэглэдэг Энхцацралтад олгов.
Дизайнеруудын шагналыг үндсэнд нь “Шилмэл загвар”, “Дизайнер төв”-ийнхөн хувааж авлаа. Мөн тайзнаа эргэн ирсэн топуудаа хүндэтгэж буйгаа илэрхийлэн ивээн тэтгэгч “Увс -Хүнс”, “Анунгоо” компаниуд Болормаад тусгай өргөмжлөл гардуулав.
Азийн топ модель Болормаа: 7 гэсэнтоо надад аз авчирдаг
-Загварын ертөнцөд эргэн ирсэнд тань үзэгчид их баяртай байна. Үзэгчид таныг санасан байна. Танд мэдрэгдэв үү?
-Мэдрэгдэлгүй яахав. Би тайзаа санаад тайз намайг санаад… Алтан тайзандаа энэ долоон онд эргэн ирлээ. Учир нь долоо бол надад аз жаргал амжилт авчирдаг тоо.
-Тийм үү. Уг нь дордохын долоо… гээд.
-Үгүй үгүй бусад хүмүүст тийм байдаг байх. Надад л лав хамгийн ивээл тоо. Ажил төрөл, амьдрал гээд бүх зүйлд маань аз амжилт авчирдаг юм.
-Энэ наадмын шилдэг загвар өмсөгчийн тухайд юу хэлэх вэ?
-Юуны урьд таван топ модельтойгоо хамт орсондоо их баяртай байна. Бас яг миний хүсэн хүлээж байсан тэр модель маань шалгарлаа. Уранцэцэг бол жинхэнэ ялагч. Үүнд маргах юм байхгүй. Гурван жил топ болоосой гэж хүлээж байсан.
-Та цаашдаа загвар өмсөх үү?
-Өмсөлгүй яахав.
-Та манай сонины уншигч бүсгүйчүүдэд гоёлын даашинзаа сонгоход нь зөвлөгөө өгөхгүй юу.
-”Гоёл” наадмын даашинзууд маргаашнаас худалдаанд гарна. Тэрнээс сонгоорой л гэж хэлье.
“Гоёл-2007″ наадмын шилдэг эрэгтэй загвар өмсөгч Г.Ганзориг: “Монголын анхны Fashion сувгийг бий болгох зорилготой”
-Юуны өмнө танд баяр хүргэе. Загвар өмсөөд хэдэн жил болж байна вэ?
-За би анх 2001 онд Цолмон багшийн шавь болж орсон. Түүнээс хойш зургаан жилийн дараа Гоёл наадмаас шагнал авч байгаадаа баяртай байна.
-Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?
-”Гоёл” чинь наадам боловч нөгөө утгаараа тэмцээн. Тийм болохоор бүгд л түрүүлэх гэж ордог. Нуулгүй хэлэхэд авчих болов уу гэж бодож байсан.
-Цаашдын зорилго?
-Монголын загварын ертөнц хөгжиж байна. Миний хувьд энэ салбартаа юм хийхэд орон зай байгаа гэж бодоод найзтайгаа хамтарч анхны Fashion сувгийг бий болгохоор эхлэлээ тавиад байна. Бидний “Mongolian Fashion” гэдэг нэвтрүүлэг одоо ТВ-9-өөр явж байгаа. Цаашдаа үүнийгээ өргөжүүлж бүр бие даасан суваг болгохоор хөөцөлдөж байна.
“Дархан нэхий” компанийн дизайнер Цэвэлмаагийн Болор: “Би загвардаа далайн хавны арьс оруулсан”
-Юуны өмнө савхин эдлэлийн төрөлд шилдэг дизайнерээр шалгарсанд баяр хүргэе. Загварынхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгнө үү?
-Арьсан эдлэл бол жилийн ямар ч улиралд өмсөхөд тохиромжтой хувцас л даа. Тэгэхдээ савхины сонгомол өнгө бол хар. Энэ удаад ч би хар өнгөө барьж авсан. Гол зорилго маань савхины хүнд хөшүүн гэдэг ойлголтыг эвдэж өмссөн хүнд хөнгөн зөөлөн уян мэдрэмж төрүүлэхийг оролдсон юм. Үүний тулд хүниас, нугалаа, алтан хонин холбоос хийж өгсөн.
-Та загварууддаа илгэн оруулга хийж өгсөн нь их гоё харагдаж байсан?
-Ганц илэг ч биш бүх төрлийн материалаар оруулга хийсэн. Хамгийн гол нь донж маягийг л олох. Хонь, үхэр бүр далайн гахайн арьс хүртэл оруулсан.
-Далайн хавын арьсыг хаанаас авчирсан бэ?
-Солонгосоос авчирсан л даа. Тансаг дэгжин төрөлд орохоор маш зөөлөн торгомсог боловч үсэрхэг материал байдаг юм.
-Та дизайнерээр ажиллаад хэдэн жил болж байна?
-2002 онд ШҮТИС-ийг оёмол бүтээгдэхүүний загвар зохион бүтээгчээр төгссөнөөс хойш энэ компанидаа дөрвөн жил тасралтгүй ажиллаж байна. Энэ наадамд манайх таван загвараар орсноос минийх тэргүүлсэнд би их баяртай байна.
“Гоёл-2007″-гийн эргэн тойронд
Алдартангууд бараг үзэгдсэнгүй
Урьд цагт заалны эхний эгнээнд төр засгийн удирдагчдаас эхлээд урлаг спортын одод ярайж байдагсан. Харин энэ жил дуран бариад гүйсэн ч нэг ч яравгар царай олж харсангүй. Ирсэн ганц нэгнийг нь дурдвал “МАКС” Ганбаатар үзэсгэлэнт эхнэртэйгээ хамт ирж. Эрхэм захирал энгийн пиджактай агаад гадуур хувцсаа өлгүүлсэн бол эхнэр нь харваас л үнэтэй нь илт шубээ алдахаас айсан уу өлгүүрт өгсөнгүй. Мөн “Нарантрейд”-ийн Болдхэт Удвал хоёр харагдсан. Брэнд бүтээгдэхүүн зардаг компанийн эзэн Болдхэт жирийн л цэнхэр ноосон цамцтай байлаа.
Жүжигчин Оргил орчуулагч хийв
Азийн Монголоос алдарт голливудад анх хөл тавьсан Оргил өөрийнх нь хамаатангууд бололтой хэдэн буриадуудад дуржигнатал синхронный орчуулга хийж харагдав. Мань эр нэгэнтээ Оросын найруулагч Бодровын Чингис хааныг гутаасан “Монгол” гэдэг киног хийлгэх гэж улайран зүтгэж байсан түүхтэй.
Үсний шар будаг бөөндөв
Ивээн тэтгэгчдийн нэг болох Анунгоо компани “Wella”-гийн үсний шар будгийг ёстой бөөнд нь шахав. Ирсэн бүсгүй болгон тасалбараа үзүүлээд уг будгийг авч байлаа. Харин хар бор үст эмэгтэйчүүд маань өөр өнгийг авах гэтэл шараас өөр байсангүй дээ. Овжин “Анунгоо”-гийнхон компанийнхаа логог заалны суудал бүрийн түшлэгний ард уйгагүй наасан байв.
Одгэрэл дүүлж Ундармаа инээмсэглэв
Баахан гэрэл зурагчид бөөгнөрсөн тайзны голын хэсэг загвар өмсөгчдийн хувьд бэрх газар байв. Зүрх муутай шинэковууд энд ирэнгүүтээ биеэ барин алдаа гаргаж байсан бол топууд харин бүр алаад өгч байв. Хуучин цэрэг Одгэрэл гэрэл зурагчдын өмнүүр хормойгоо дэрвүүлэн бараг дүүлж байсан бол мисс Ундармаа жүжигчний авъяасаа гарган жинхэнэ холливуд маягаар яралзтал инээмсэглэж байв.
“Хар, цагаан” Камертончууд
Урилгаар ая дуугаа өргөсөн Камертончууд хувцаслалт моодны талаар өндөр мэдлэгтэй гэдгээ харуулж гайхуулав. Мээдээ Эба хоёр цагаан цамцтай өнгөгүй шилтэй байсан бол Ганаа, Болдоо хоёр хар цамц хар шилээр гангарав. Дуулахдаа ч бас хар цагаанаар хуваагдан зогсож байлаа.
Шоколадан бор Пүүжээ
Цав цагаахан моделиудын дунд дөнгөж саяхан Хавайгаас ирсэн юм уу гэмээр гоё борлосон топ Пүрэвсүрэн тод ялгарч байлаа. Ялангуяа “Wella” загварын хагас нүцгэн торон хувцастай гарч ирэхэд нь үзэгч эрчүүд түүнээс хараагаа салгасангүй.
Загварын нэрүүд
Дизайнерууд маань уран сэтгэмжийн талаар яруу найрагчдаас дутахгүй гэдгээ харуулж загварууддаа алаад өгсөн нэр өгчээ. Монгол нэр гэвэл Эрдэнийн хэлхээс, Эрхэмсэг гоо, Намуун, Дэгжин, Лиш гэх мэт. Тэгвэл Дивас, Клеопатро, Рояал, Касабланка зэрэг гадаад нэрс ч тасархай сонсогдож байв. Харин оросын загварууд “Цветы”, “Снежная баба” гэсэн хэвшмэл нэртэй аж.
Хамгийн өндөр загвар өмсөгч
Хамгийн өндөр загвар өмсөгч бүсгүй А.Алтанчимэг байв. Тэрээр 182 см өндөртэй байсан бол фото моделиор шалгарсан Энхцацралт 168 см өндөр гэнэ.
“Загвар өмсөгч” Бэрри
Дизайнер Энхтуяагийн “Pass time” загварын үөэр топ модель Пүрэвсүрэн цагаан өнгийн сэгсгэр хавтай гарч ирсэн. Энэхүү франц пуделийг Бэрри гэдэг бөгөөд найман настай гэнэ.
2006.12.21 Монголчуудын амьдрал Бичсэн: designer
|